Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө
1948 оноос Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө гэдэг арга хэмжээ эхэлсэн юм. Энэ хугацаанд чинь 10 толгой мал тутамд нэг мал өсгөх төлөвлөгөө өгөөд мал нь өссөн ч бай буурсан ч бай төлөвлөгөөт малыг бодлож бодоор нь 1-11, 21-35, 50-75, 100-250 түүнээс дээш гэх мэтээр тогтоож нэг малаас авч төлөх олон төрлийн албан үүрэг, албан татварыг малын тоо толгойнд шаталсан байдлаар өсгөн ноогдуулаад, хатуу хугацаатай төлүүлдэг байлаа.
Энэ нь олон малтай, тэр дундаа адуу олонтой, мөн малаа өсгөх, төлөвлөгөө тасарсан хэсэгт их хүнд дарамт болсон юм. Хуулийн хатуу хугацаатай албан журмын мах, сүү, өөхөн тос, ноос ноолууран хөөвөр, хялгас, албан татварын үүрэг ноогдуулаад заавал төлүүлдэг байсан юм. Адуунд мах ноогдуулан үхэр, хонины мах жигнэн авчихаад адуунаас агт авна. Мөн маханд хонийг 2 шүд нь гарсныг авна гэх сүүлдээ 20 кг-аас дээшийг авах, үхрийг 150 кг-аас дээш жинтэй авах гэх мэт журмууд байлаа. Бид чинь хаварт хэдэн төлгөө шүд гарсныг үзэж туух, сүүлдээ жигнэж 20 кг хүргэхийг ялгаж туух мэтээр махнаас салж амарна. Хонины ноосны 20% нь ахар, хурганы ноос заавал өгнө. Иймд эр төлгөө ахарлаж хяргаж тушаана, тэр нь өвлийн их хүйтэнд даарч хөрч тураад хаврын жинд муудах мэт. Урт ноос 76 мөнгө, бутархай зоос 35 мөнгөний үнэтэй, 1-р ноолуур 7 төгрөг хэдэн мөнгө, 3-р ноолуур 1 төг 50 мөнгө, монгол, сарлаг үхрийн мах их бага үнэтэй. Эр эмээрээ ч мах ялгаатай үнэтэй байх жишээтэй, адуу, монгол үхэрт хөөврийн үүрэгтэй. Хавар хяргаж үүргийг өгнө. Адуу чинь сүүлэндээ нөмөрдөж салхи, шуурга жаврыг сөрж давдаг мал л даа, үүргийг нь биелүүлэхийн тулд сүүлийг нь тахир борвиор нь тайрч дэлийг сойлогтой нь хамт мөн сагагны үсийг хүртэл хайчилж үүргийг арай ядан гүйцээдэг байсан, нөгөө нүцгэлсэн малууд чинь их хүйтэн цасан шуурга болохоор жишиж алга болох, зарим нь осгож үхэх ч явдал тохиолдоно.
    Албан журмын тосоо гайгүй тарга хүч авсныг шилж нядалж нүнжгийг түүж хайлаад төлнө. Сүүний тасгаас хол нь сүүгээ ганзгалан зөөж сүүнийхээ үүргийг төлнө. Халуунд зарим нь сүүгээ гашлигчихаад гомдолно. 1954 оны өвөл Завханмандал сумын нутагт адуундаа явж байгаад Хөтөл усны ууланд өвөлжиж байсан нутгийн олон сайхан малтай Лхаваанжав /Жааваа/ гуайнд хоёулаа очиж унтсан юм. Тэднийх тогоо шахам мах чанаад, хүүхдүүдээ ид ид, бараан л байгаа байх төр нүнжгийг нь тоншчихсон гээд хошигнож байв. Өөхийг нь хайлж тосондоо өгөөд мах үлдсэн нь тэр юм билээ. Нутгийн Галдангийнх нэг тарган тэмээ нядалж өөхийг хайлж тосондоо тушаагаад махыг хаясан юм. Манай нутагт тэмээний мах иддэггүй байлаа. 1000 малтны шагналт В.Гаадан гэдэг олон адуутай айл байсан. Тэднийх нэг хавар нөгөө олон адууныхаа махны үүргийг төлөх эр сувай малгүй болоод ах дүүс нь хэлэн дээр тавих малын эрэлд мордож Завхан, Увс аймгуудын ойролцоо сумуудаас хэдэн үхэр олж ирж тушааж албан журмын махнаасаа салж байсан юм. Энэ нь Монгол хүний аливаа ёс журмыг хүндэтгэн биелүүлдэгийн сайхан чанар юм. Махныхаа үнийг албан татварын цээж мөнгөнд, ноос ноолуурын үнээ сүүлчийн мөнгөнд өгөөд арай ядан төлнө. Энэ мэт олон төрлийн зовлонгоос болон Монгол хүн чинь буянт малаа ялтай мал гэж нэр өгөөд, малаасаа уйдаж эхэлсэн юм шүү дээ. Нэгдэл гэдэг ажил өрнөхөд дээрх байдал учирсан хэсэг нь манлайлах болсон юм. Нэгдэлчих хөдөлгөөн бүрэн яллаа гэж том амжилтанд хүрлээ гэж их хөөрцгөөсөн юм. Энэ нь нааштай зарим байдал бий болсон ч сөрөг муу нөлөө бас л дагуулсан. Тэр нь малыг олноор нь суурилж ажил гайгүйтээ хэсэгт нь хариуцуулснаар ажилгүйдэл эхэлсэн. Нөгөө цөөн малтай ядуувтар байсан хэсэг нь тодорхой ажилгүй болж, тэднийг бараадсан хөгшид үйлдвэр бригад нэртэй өнгө муутай гэр хороолол сумын төвд суух болсон. Түүгээр ч барахгүй аймаг хотруу нүүх нүүдэл ч энэ үеэс мөн л эхэлсэн шүү дээ. Энэ хотоо одоо хар. Ямар ч занбараа зохион байгуулалтгүй мухар гудам, гуу жалга, уулын ар, орой, толгой гээд хаа ч хамаагүй бууж үүрэлсэн улаан шоргоолж шиг бөөгнөлөө. Шонгийн үзүүрт гэрээ барьсан айл л арай харагдахгүй байна. Хотод хөгшид нь сууж нарлах газаргүй, хүүхэд нь тоглох газаргүй, гэр хороолол шигээ амьсгалах агаар салхи ч үгүй, утаа униаранд төөрч мөргөлдөхөөр болжээ. Уг нь манай ард түмэн чинь өөр хоорондоо харилцан туслалцаж цөөн малтай нь бусаддаа хүч хөдөлмөрөөрөө, мал сайтай нь тэдэндээ унаа унаш, хоол унд бүх зүйлээр нь туслаад хүн бүр ажилтай, толгой хорогдох оронтой болсоор л ирсэн билээ. Одоо шиг нүхэнд амьдардаг хэн ч байгаагүй ээ. Энэ хэний буруу вэ? Төр засгийн удирдлага зохион байгуулалтын буруугаас болсон гэж би боддог. Монголын энэ өргөн тал нутгийн эхнээс нь эмнэлэг сургууль, эрчим хүч, үйлдвэрлэл зэргийг тэнцүү үүсгэн хөгжүүлж чадсан бол юу гэж энэ дөрвөн уулын дунд ингэж бөөгнөх вэ дээ гэж боддог. Мөн амь хувиа хэт бодох, дээш доошоо долигонох худал магтаалаар бие биеэ дөвийлгөх, хэт намчирхах болон мөн аваа өгөөний хэлбэр үүсч шудрага бус харицаа ч улам даймжран өрнөсөн билээ. Мөн орон нутагт төр засгийн төлөөлөгчиддөө гайгүй ажилтай нэгийгээ үзүүлчихээд, тэднийг сайн хүндэлж мөн өндөр үүрэг авч, сайн худал хэлж чадсан зарим дарга нар баатар ч болсон, тэдний байгуулсан гавьяаг одоо очоод үзвэл улс орон ард түмэнд хэрэг болохоор үлдсэн юм юу ч үгүй байгаа. Энэ үед шудрага байдлын талаар үнэн үг хэлсэн нэг нь буруутан болж амаа хаалгаж байлаа. Би ч гэсэн аав ээжийнхээ буянаар бусдаас туслалцаа авч бусдад үнэ төлбөргүй сайл сүү хэрэглээний бусад зүйл болон цөөн адуутай заримын нь адуундаа хамт маллаж өсгөж үржүүлж өгөх, унаа муутайд нь мориор туслах, заримд удам сайт морьдоо өөрийн болгон өгч морь унаатай болгох гэх мэтээр тусалж явлаа. Одоо амьд сэрүүн яваа нь санах л байх. Энэ мэтээр ард түмэн бие биендээ харилцан тусалж амьдарч байсан билээ. Харамсалтай нь энэ сайхан чанар бас л бүдгэрлээ дээ. Би бас л олон ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ өвөлд талдаа 300км шахам нүүж Завханмандал, Дөрвөлжин сумдын нутаг буурал, Шархад, Баруун, Зүүн шувуун, Ногоон толгой зэрэг Говийн тэгш сайхан нутагт малаан онд тарган сайхан оруулж нүүдэл хийж явлаа.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats