Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Одоо цагийн өнгө төрхийг миний нүдээр ажихад...
Бидний өвөг дээдэс минь олон зууны турш оршин тогтносон байгаль орчноо унаган төрхөөр нь бидэнд үе дамжуулан үлдээж өгсөн билээ. Тэгвэл одоо ямар болоод байна. Уул хяр нь мод бутгүй нүцгэн, газар дэвсгэр нь амьд амьтны там болсон нүх хонгил, элдэв хогоор дүүрэн ийм л болоод байна даа, янз нь. Үүний шалтгаан юунаас болов.
Монгол хүний хүн хүнээ, байгаль орчин, аливаа юмсыг хайрлан энэрэх цусандаа шингэсэн ёс уламжлалыг хуучин нийгмийн үлдэгдэл шашны хоосон мунхруулга гэдгээр устгасны хар гай юм. Бидний багад аав ээжүүд минь ус булгийн эхийг ухаж төнхөж болохгүй, усанд улаан, цагаан элдэв бохир оруулж болохгүй, модыг хөлдүү ба ногоорсон үед нойтон мод огтолж хугалж болохгүй, ахмад хүнээ хүндэлж бай гэнэ. Аливаа юмсыг хайрлан хүндэл гэж сургадаг байлаа. Үүнийг нь бид одоогийн хууль мэт мөрддөг, биелүүлдэг ч байлаа. Тэгвэл одоо дийлэнх хүмүүсийн сэтгэхүй эвдэрлээ. Монгол хүний дөлгөөн тайван, аливаа юмсыг хайрлан энэрдэг сайхан сэтгэл, зан чанар хаана байна. Хашгирсан, орилсон, дэвхэрсэн, цовхорсон төрхгүй муу бүхэн сайхан үйл болсон, архи тамхинд автагдах, зодоон нүдээн, аллага таллага мэт муу бүхэн шүгэлж, зэрлэг араатан мэт аашлах боллоо. Үүнийг бид нүдээрээ үзэж байна. Дээд дарга сайд нар нь индэр дээр гарч баахан хууль дүрэм өндөр дуугаар ярьчихаад буугаад хуулиа зөрчин худлаа хэлж, хуралдаа ч суухгүй байх. Их юм хийсэн сайн дарга болохын, мөн өндөр тушаал нэрийн төлөө улайрах, баяжихын төлөө дон шуналд автагдах, монголынхоо газар нутгийн хөрсөн дээрх доорх баялагаар гадаадынханд дэнчин тавьж баяжих (чагнаж байхад ийм л өрсөлдөөн өрнөж байна янз нь) улс орныхоо болон ард түмнийхээ төлөө юм хийе бүтээе гэдэг нь цөөнх болсон шиг байна. Энэ техник хөгжсөн үед чинь монголын байгалийн жаахан баялагийг хэдхэн жилийн дотор л дуусгана шүү дээ. Бидний хойчийн хойч үе чинь  юугаар яаж амьдрах болж байна. Бодууштай байна. Монгол хүн чинь маргааш иднэ гээд хоолоо хойш нь тавих, хавар иднэ гээд үүцээ нөөцөлдөг уламжлалтай ард түмэн. Байгаа бүхнийг нь ухаж төнхөөд дуусгачихмааргүй санагдана. Зарим баян дарга нарт хандахад, ард түмэн шударга хүмүүсийнхээ үнэн зөвийг шингээсэн үгийг сонсож, харш үйлээ зогсоож, нүглээ наминчлан зөв зам руу жолоогоо залахыг шаардаж хэлмээр байна. Мөн дарга та алтан өргөө харш байгуулаад нуугдсан ч эрлэгийн цаламнаас мултарч чадахгүй шүү гэж сануулмаар, залуу зандангаараа мөнхөрдөггүйг бодууштай юм. Манайд мөрдөж биелүүлбэл хазгай гишгэсэн ч аргагүй хууль бий, харамсалтай нь биелүүлдэггүй, биелүүлгэдэггүй хоёрт байна.

    Иймд их хурлын гишүүд гаргадаг хуулиа цөөлж , гаргасан хуулиа биелүүлгэх талаар илүү их ажилламаар байна. Манайд хүн бүгд тэгш эрхтэй гэсэн том хуультай. Тэр нь худлаа мэт. Одоо мөнгөгүй, танилгүй хүнд ямар ч ажил бүтэхгүй, өвдсөн ч эмчлүүлж чадахгүй болжээ. Хүүхдээ ч суралцуулж дийлэхгүй, ийм л болоод байна. Гэтэл энэ байдлаас болж улс орон ард  түмэндээ хэрэг тус хүргэх авъяас билэгтэй хичнээн хүүхдүүд сургуулиас хоцорч хохирч байгаа бол. Үнэхээр харамсмаар болоод байна шүү. Жинхэнэ монгол ухааны гентэй, сод авъяастай хүүхдийг олж улсын зардлаар сургавал ирээдүйн хөгжилд их тустай болно. Иймд энэ байдалд төр засаг анхаарах цаг болжээ. Зарим албан тушаалтан хийх үүрэгт ажлаараа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгөхийн оронд боож хааж байгаад хээл хахууль авах зэвсэг болгон ашиглаж байна гэхэд хилсдэхгүй болжээ.

    Малчин болон хөдөөгийн хүний хөдөлмөрийг хэтэрхий доорд үздэг. Үүний жишээ бол зөрчил гаргасан гэж зарим хүнийг малчин болгож шийтгэж байсан нь саяхан шүү дээ. Малчин хүн шиг цаг нар өдөр шөнөгүй ажилладаг хүн хаа ч байхгүй. Улс орны хөгжилд их хувь нэмэр оруулж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Мах сүү хэрэглэдэггүй монгол хүн гэж байхгүй. Мал чинь өөрөө эгээрээ өсөж, үрждэг бус, төрөл бүрээрээ тусгай арга ажиллагаа, малчин хүний уйгагүй хөдөлмөрөөр, мах сүү арвижна. Иймд малчин хүнийг өтөлж өвгөрөхөд нь даатгалд хамарсан ч бай, үгүй ч бай тэтгэвэр тогтоож байх нь зүйтэй гэж би боддог. Тэд бол хүснэгтэнд хэдэн тоо тавьсан бай, тавиагүй ч улс орондоо ихийг бүтээж оруулдагийгаа оруулж, өгдөгийгөө өгсөн хүмүүс шүү дээ.
Манайх чинь алт, архи хоёрыг төсөвт их орлого оруулж байгааг магтах юм. Учруулсан хохирлыг тооцвол ямар дүн гарах бол? Хичнээн гол ус ширгэж, бэлчээр нүх болон өвс ургамалгүй болов. Архинаас болж хүн амь алдах, хэрэгтэн болох, нөхдөө хөнөөх, хулгай дээрэм муу бүхэн үүнээс үүдэлтэй. Орлого, хохирлын тооцоо хийж дүгнэх цаг нэгэнт болсон бишүү. Хүн амьтанд амь, ус, агаар, ургамлаас эрхэм юм гэж байдаг юмуу!
    Би чинь нэгдэл үүсэхэд дүрмийн 50 толгой малтай, хотондоо тогтох хоньгүй, хотоо харлуулж явлаа. Нэгдэл үеэ өнгөрөөж тарахад нутагтаа байсны ачаар хөгшин бид хоёр хувьд ноогдсон 50 толгой малтай болж бас баяжлаа гэхүү дээ. Мал хувьчлахад чинь хүн амд нь хуваасан болохоор олон ам бүлтэй сүүлийн үеийнхэн баяжаад хэдэн зуун малаа нийгэмчилсэн нэг ба хоёроор үлдсэн хөгшчүүдэд хамгийн цөөхөн нь үлдсэн юм. Энэ Улаанбаатар хотод цугларч жагсаад яваа хөгшчүүлийн дотор нутагтаа байгаагүйн шалтгаанаар сохор зоос ч үгүй хоцорсон хөгшчүүл ч бас олон байгаа байх гэж би боддог. Настан бид чинь залуу зандан цагтаа улс орноо халуун цус алтан амиараа хамгаалан тэмцэж хүйтэнд нь хөрч халуунд нь халж, хүч хөдөлмөр, хөлсөө гаргаж зүтгэж хөгжүүлж, дээшлүүлж ирчихээд эцэст нь ядруухан амьдрах болж байна. Чингэхийг түүх үл зөвшөөрөх бүлгээ.

Бид төр засаг, намын бүх хурал чуулган, зөвлөлгөөний материалын товчлол тэмдэглэл хийсэн тав зургаан зузаан дэвтэртэй байлаа. Үүнээс яриа таниулга хийх, хурал чуулган бүрийн дэвшүүлсэн зорилт, хүрсэн амжилт зэрэг болон, мөн аймаг сумын зорилт амжилт болон, тэргүүний хүмүүсийн арга барил, ажлын амжилтыг тодруулсан үзүүлэн материалыг өөрөө зургийг нь авч клубт бусад хүмүүстэй хамтран нүүдэл авч явахад тохирсон байдлаар тухай бүрт нь, он онд нь зурагтай нь хийж, клубтаа самбар булан байгуулж сурталчлаад, хөдөө бригад сууриар нүүж үйлчлэхдээ авч явж кинонд хамрагдсан хүмүүст тайлбар яриа хийх, өөрөөр нь уншуулж судлуулах зэргээр ажиллаж байлаа. Зарим нь бичиж тэмдэглэж авдаг ч байлаа. Тэр үед бүх хүмүүс бичиг үсэгтэй, аливаа үнэн мөнийг сурч мэдэхийн хүсэл сэтгэл өрнөсөн үе байж дээ. Мөн номын сангаасаа ном авч явж малчдад түгээх, бас ажлын зарим зөрчил дутагдлыг шог зурагт хуудаст гаргаж шоглож шүүмжлэх зэргээр ард түмнийг гэгээрүүлэхийн төлөө зүтгэж явлаа. Харин одоо чинь юу л болоод байна даа. Сонсоход, ард түмэн маань зарим хэсэг нь бичиг эрдмийн, төрөл бүрийн муухай өвчний талаар, урагшаа ажил сайжрах бус ухарч муудан доройтоод байна уу даа янз нь.
    30 жил хийж гүйцэтгэсэн бүх ажлын минь тооцоо судалгаа тоо баримт, зураг хөрөгтэйгөө их л юм байсан. Зарим хэсгийг нь шатаачихсан юм. Одоо ч их зүйл байна. Хойшид хэнд ч хэрэггүй болсон тул галдаа өргөдөг байгаа даа.
    Миний хийж явсан ажлын тооцоо судалгаа зураг хөрөгтэйгөө хамт монгол кино нэгдлийн архивт хадгалагдаж байгаа. Шагнал урамшуулын жуух бичиг, диплом, хүндэт үнэмлэх зэрэг 70 шахам баримтууд монголын түүхийн хүрээлэнгийн архивт хадгалагдаж байгаа болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats