Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Аавын маань цуглуулга бол Сонгино сумын нэгэн үеийн түүх
              Миний аав Мөнгөний Чогсомжав нь нутагтаа Бөөлөй гэж нэрлэгдсэн тэр сумын ард иргэд болон ажиллаж амьдарч байсан бүх хүнд танигдаж хүндлэгдсэн эгэл нэгэн хүн. Миний аавын ажилч хичээнгүй нямбай зан, хүнд тусалж, баян ядуу, дарга цэрэг гэж ялгахгүйгээр хэнд ч жинхэнэ сэтгэлээсээ хатуу шүүмжлэлтэй үгийг хэлдэгт нь эмзэглэдэг хүн байвч, бараг 99% нь баярлаж байдаг байх. Хаана ч хэнтэй ч таарахад аавын биеийг асууж, Бөөлэй надад тэгж туслаад, Бөөлэйд тэгж загнуулаад, ийм зүйлийг мэдэж сурч авч байлаа гэх мэтээр ярьж байдаг юм.
              Аав минь өнөөдрийн баатар аваргуудын хийж бүтээсэнтэй дүйцэхүйц ихийг хийж, ихийг санаачилж бүтээж байсан ч  хэн бугайгаас ч айлгүй, долигонолгүй хатуу үнэнийг хэлдэг байсан нь намд элсэх, шагнал урамшил авахад нь саад болсон байх гэж боддог юм. Тэгээд ч аавын минь зан бол шагнал урамшил, магтаал сайшаал бодолгүйгээр өөрийн хийсэн бүтээснээр бахархаж, хүнд алдаа дутагдлыг нь ойлгуулах, туслах тухай л боддог хүн билээ. Манай нутагт нилээд их архи уудаг агсам тавьдаг нэг хүн хажуу айлд орж ирээд энэ Бөөлэйгийнд яаж оръё доо байз, даанч үнэн үгнээс нь айгаад байдаг юм гээд тэр айлд агсам тавьж ширээг нь хэд хэд гараараа цохиж, орж чадалгүй гараад явж байсан юм гэнэ билээ.
             Аав нямбай, цэвэрч, цэмцгэр, байх ёстой зүйлийг байх ёстой газар нь журамтай, цэгцтэй байлгадаг, хэрэггүй зүйлийг тэвчдэггүй, хийж байгаа зүйлээ яавал илүү үр дүнд хүргэх, сайжруулах аргыг эрэлхийлэн тухайн үед хийж байгаа зүйлээ дараа нь дахин давтан  ашиглах боломжийг бодолцоно. Энэ нь одооны “Япон маягийн менежмент 5S, кайзен хийх” гэж ярьж байгаатай дүйж байгаа юм.
              Өөрийн ажилтай холбоотой судалгаа шинжилгээ, бүртгэл тооцоог маш нарийн хөтлөж, түүнээ ашиглан дүнэлт гарган ажил үйлчилгээндээ хүрэх зорилтоо жил, улирал, сараар тавин энэ зорилтод хүрэхэд юу бүтээхээ урьдчилан төлөвлөнө. Тухайлбал: сумын бүх хүний нэрсийн жагсаалтыг дэвтэрт зоож, кино тавьсаны дараа тухайн өдрийн кино үзсэн хүмүүсээ бүртгэж, тэр бүртгэлээсээ сар, улирал, жилээр хэн хичнээн кино  үзсэнийг гарган хамгийн их кино үзсэн, огт үзээгүй гэх мэтчилэн ялгаж, тэргүүний үзэгчийг шагнаж, огт үздэггүй хүмүүст урилга өгөх, сануулах зэргээр ажил зохиодог байсан. Энэ арга хэмжээний үр дүнгээр аймаг, улсад кино үзэгчдийн тоогоор манай сум нэлээд дээгүүр ордог байлаа.

Эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгч байсан юм. Энэ чиглэлээр их хурлуудын товчлол, ах дүү орнуудын талаарх танилцуулга, нам төрийн бодлого чиглэл гэх мэтчилэн маш олон тооны үзүүлэн таниулах материалуудыг өөрийн гараар хүнд ойлгомжтой, ашиглахад хялбараар үйлдсэн. Эдгээр материалуудаа хөдөөнөөс нүүж ирэхдээ авч ирсэн бөгөөд энэ материал, үзүүлэнгүүдийг нь ашиглах сонирхох хүн үгүй тул түлэхээр завдаж байсныг би нэг очихдоо мэдэж ном болгож гаргах санаагаа хэлсэн.
Аавын эдгээр материалуудыг бүгдийг ном болгож гаргана гэвэл лав 2-3 ном болох бөгөөд өнгөрсөн үеийн онц чухал ач холбогдолгүй материалууд /их хурлуудын талаар, тэр үеийн зорилт, тоо баримт, социализмын хамтын орнуудын талаарх материалууд, сансрын нисгэгчдийн талаарх материал гэх мэт/-ийг орхиж сум орон нутгийн түүх, хүмүүсийн амжилт бүтээлтэй холбоотой хэсгийг энэ номонд оруулахыг зорьсон болно. Гэхдээ энэ үеийн материалууд дотор зарим нэг хүний зураг хөрөг байхгүй, нөгөө хэсэг нь үрэгдсэн байх магадлал байгаа тул номонд ороогүй байх аваас тэдгээр хүмүүсээс хүлцэл өчмү. Аавынхаа тэр үеийн өөрийн гараар хийж ашиглаж байсан үзүүлэн материалуудыг аль болох өөрчлөлт оруулалгүй, байсан чигээр нь харуулахыг эрмэлзсэн болно.

Аавын ажлын танилцуулга, үзүүлэн таниулах материал, гэрэл зургийн цомог нь Сонгино сумын нэгэн үеийн бүхэл бүтэн түүхийг өгүүлэхүйн учир уншигч олны мэлмийд өргөн барилаа.

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

                     
                        Хүү Ч.Нэргүй
 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats