Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Нутгийн авьяас билигт хүмүүс

Хамба багш
(Н.Мондооны нагац), Бамбаа ловон (Г.Дэмбээгийн авга), аграмба Баньтхай, Дондог бааваа (Ё.Лхамжавын нагац нар), Амжий, Монбоо, Шажаа, (Б.Лодойн авга нар), Цэдэв зээрэмбэ, (Мягмарсүрэнгийн авга), Зундуй анжаа (С.Давгийн нагац), Рэнчин адиа (Миний авга), Гүн гэлэн (П.Гомбоогийн өвөө байх), Авар гавж (доктор Авирмэдийн аав), Он-оо унзад, Жажаа ловон, Гончиг ах, Буулиа гэлэн, Алтангэрэл бамбаа, Нуваан жаажаа, Сандуйжав адиа  эдгээр мэт бурханы сургаал номонд онцгой гэгээрсэн энэрэнгүй  үнэн зөв үйлстэн олон байсан гэсэн.
Маарамба
Давга (Гаагаа), Гэндэндаржаа (Нэжаа), Жигжсүрэн (Жийгээ)   Адьяа (Баньтхай), Гэлэг (Олио),  Натсүрэн (Баньтхай), Домбожав (Домбоо), Гаадан (Жаахан гаагаа), Аварзэд (Баньтхай) мэт алдартай маарамбууд байсан. Мөн Я.Рэнчин адиа шиг бариа заслаар хүмүүст  ач тусаа өгч олон хүнийг хөл дээр нь босгож байсан тийм ачтан   одоо ч цөөн байгааг хүмүүс дурсан ярьсаар байдаг билээ.

Пэрэнлэй (Маа Даян) гэж нутагтаа алдаршсан олон адуутай сайхан малчин хүн байсан. Эдний адуу нь онцгой шандас шөрвөстэй  хүч чадалтай гарамгай байсан. Бөөн сүүлт алаг морь нь хувийн морин өртөө хийж байхад унасан элч нь солилгүй гурван өртөө дамжуулан давхиад эргүүлээд өөр элч унаж ирж өдөртөө зургаан өртөө эцэж цуцалгүй давхиж байсан тухай хүмүүс магтан ярьж байсан юм. Шагжжавын, Нямаагийн хэмээх энэ жороо хоёр улаан морьд мөн Магийн адууны унаган морьд шүү дээ. Хувьсгалын эхний үед Тамжид гэдэг нэг өртөөнөөс нөгөө өртөө хүртэл морины жолоо таталгүй давхиж буудаг элч байсан гэсэн. Тэр элч Магийн морьдыг эцээгээгүй юм. Морь муудаж эцсэн улаачийг шийтгэж арга хэмжээ авдаг байсан гэнэлээ. Тэр элч нэг удаа олон хүнийг баривчлаад тэр орчмын адууг хураалгаж морьд дайчлахдаа Пэрэнлэйн адуунаас бусдийг хураа гэж зарлиг буулгажээ. Бодвол тэр хүн сайн удамт адууг хайрласан болов уу, эсвэл баривчилсан хүмүүсээ зугтаж алдана гэж айсан байж болох юм.
Мөн Маа гуайд олон үетэй сунадаг дуран байсан юм. Тэр нь холыг татах, юмыг тодруулж таних нь онцгой байсан. Маа гуай Завхан мандал сумын нутагт эмээлтэй морио алдчихаад, Нарийн харын орой дээрээс дурандаж суугаад, овоо л доо Товгор цагаан сээрийн оройгоор эмээлтэй нь хүн хөтлөөд гараад ирлээ гэсэнд хүмүүс итгээгүй гэсэн. Гэтэл оройхон морийг нь эмээлтэй нь хүн аваад ирсэн гэсэн. Одоо бодоход тэр газар хорь орчим км байх. Жирийн дуранд адууны цагааан, бараан нь муухан танигддаг газар л даа. Цагийн үймээнтэй үеэр хураагдаад шил нь солигдож ирээд таниц нь муудсан юм гэнэлээ. Маа бас их уран хүн байсан, уурганы үзүүр ёзоор хоёрын араа тагнайг гэрт гадаа хоёр зорчихоод бооход яг л эв нийлж байх жишээтэй. Маа насаараа гэр бүл болоогүй хүн юм. Хүмүүс оролдоод гэр бүлтэй бол гэхэд гунхсан сайхан нь намайг тоосонгүй, гутлаа чирснийг нь би тоосонгүй, одоо өнгөрлөө гэж хариулсан юм гэнэлээ.
 
Паалуу (бааваа) гэж цэцэн цэлмэг ёжтой сайхан өвгөн байсан бөгөөд төр ярихдаа 1932 оны цуурхлаар хоршоо худалдааг дээрэмдэн хүмүүс их олз олж байгаагаа дуулаад эд бараа олж авахаар морджээ. Замд нь хувьсгалыг байгуулахад тэмцэж явсан Бөөгийн Ганжууржав (Хүндээгийнх) байсанд буугаад ороход нь Хүндээ Паалуу чи энэ их хол хаачих нь вэ гэжээ. Тэгэхээр нь Бааваа нь баяжих гэж явна гэхэд, Хүндээ, Паалуу минь цагийн үймээнтэй үед олигтойхон эр хол явж хулгай хийж чадвал баяжиж болох юм. Чам шиг эр гэртээ зүгээр хэвтэж байсан дээр гэж Хүндээг сургахад нь Бааваа авна даа хө гэж хэлээд гарч мордож явж байгаад элдвийг бодож буцаад харьжээ. Хэдхэн хоногийн дараагаар байдал өөрчлөгдөж, нөгөө дээрэм хийсэн хүмүүсийг баривчлах ажил өрнөсөн гэсэн. Тэгээд Бааваа Ганжууржав миний аминд орсон хүн гээд залбирч яридаг байсан юм. Энэ бол Хүндээгийн ажигч хараа холч бодлогын жишээ юм даа.

Давга (ахаа) гэж сайн малчин бас анчин хүн байсан юм. Тэр хүн хүүхдүүд минь ирээдүйд өөх гурван эрдэнэ мах Гончиг сүм болно тэгэхээр хоолыг дургүйг нь хүртэл битгий идэж бай дур нь дээр больж бай гэж 1940 өөд оны үед сургаж хэлж байсан юм. Одоо бодоход тэр хүн мөн ч холыг харж хэлж байжээ.

“Ангархай” Тогооч гэгч хүн Сартуул хошууны өмнөөс  Богдод зоог бариад ирсэн хойноо хүүхдүүд минь хаа ч газар хоол үнэтэйюм. Ангархай тогооч биеэрээ богдод мөргөөд ирлээ, энэ бол хоолны л хүч шүү дээ гэж ярьж сургаж байжээ.
Намайг багад настнууд үдэш нэгэндээ цуглараад хууч үлгэр яриа маань хөгжөөх зэрэг хөгжөлдөөн болно. Тэр үедээ цагийн муу болж ирээдүйд баруун аймагт малын мөргүй зүүн аймагт хүний мөргүй болох юм гэнэлээ гэж ярьж байсан юм. Одоо бодоход зүүн талдаа хэт бөөгнөх, хүнийг нь элдэв өвчин аллага, архи тамхи хөнөөх, малыг нь дуусгах зүйл нь ган зуд хулгай зэрэг шалтгаанууд  болохыг хэлж байсан юм боловуу даа гэж бодогдох юм. 
Мөн бас Монгол хүн хөлөө, Орос хүн толгойгоо, Хятад хүн бөгсөө сайн дулаалж эрүүл саруул сайн сайхан амьдрах учиртай юм гэнэлээ гэж ярьдаг байсан юм. Одоогийн манай залуучууд хүйтэн сэрүүн цагт хөл нүцгэн, шалдантай ижил шахам л гутал хувцастай явах юм. Дорооосоо даарсаар байгаад бүгдээрэээ бөөрний элдэв өвчтэй болчих вий гэж санаа зовох юм.

Манай суманд алдартай дархан Маш (Лам ах) мянган бурхан цутгасан гарамгай уран дархан хүн байсан юм. Хөгшинтэйгээ хоёулаа өндөр насалсан хүмүүс. Нэг удаа хөгшнийгөө чи нэг дүүгээрээ босч үзээч гэхэд, хөгшин нь чи эр хүн байна босч үзээч гэсэн юм гээд хүмүүс өрөвдөн ярьдаг байсан л даа. Энэ дарханы удмын Дийзгар, Цодгор (ах дүү), Дүлзэн, Жамба (Аминаа), Лхүнрэв, Донров, Дондов, Сандайжав нарийн зэрэг сайн дархчууд олон байсан. Цодгор бол онцгой хүн, бүх багажаа өөрөө хийнэ, урьд хийсэн багажаа дараагийн хийх зүйлдээ тохируулан түвэггүй өөрчлөн ашигладаг. Багажныхаа хатыг тохируулахдаа онцгой  анхаардаг. Жишээ нь: төмрийг улайтгахад олон өнгө гардаг юм,  таарсан өнгөн дээр хатаахгүй бол хэт хатвал хугарч эвдрэх, дутуу хатвал шантарч гулзайж муудна гэдэг байсан. Ямар ч төмрөөр юм  хийж байх нь бидний цаас даавуугаар юм эсгэхээс хялбар мэт харагддаг, үзээгүй хүн үнэмших арга байхгүй сониндоо. Тэр өрөмдмөл худгийн тасарч унасан яндан турбаг татаж авах багаж  анх санаачлан хийгээд амжилт гаргаж түүнийг нь гадаадын мэргэжилтнүүд сонирхож гайхаж байлаа. Юнак мотоциклынхаа сэлбэг эд ангиудыг өөрөө хийж  сэлбэн  олон жил  унасан алдартай дархан хүн байлаа.

Модны алдартай  сайн мужаан олон байсан ажээ. Хийсэн  хаалга нь нээж хаахад уран түүний хийсэн хаалга гэж нэрээр ньдуугарч  байсан гэдэг. Урласан модон домбо нь  цай аягалахад боль боль гэж дуугарч эргүүлээд тавихад ёох гэж дуугардаг гэх мэт яриа буй. Миний мэдэх Нуваан баньтхай, Өвгөн (хөх өвөө) Жамбал (дүлий Жамбаа), Дамбийням мандиа зэрэг сайн мужаанууд мөн хээч, сийлбэрч Довжий добоо, зураач, хээч, барималч Оросоо мэт олон урчуудыг дурьдаж баршгүй.

Мэргэн авьяастан олон байсан. Гаваа (бааваа) алдсан малыг асуухад эрхээ шувтран газар, уул, усыг нэрлэн байснаа эндээс атганд орж байнаа гэж тодорхой хэлнэ. Энэ нь яг харж байгаа юм шиг  таарна, би хоёр удаа мэрэглүүлж үзээд биширч байлаа. Мөн нэг тэмээ алдаж Рашгүнжин  баньтхайгаас асуухад ном тоолоод гурван голын тэртээ эр гэж байна, тэгээд эс бол цагаан дээлтэй цагаан морьтой хүнээс сургийг нь дуулна тэр чинь яг мөн болно гэж байна гэлээ. Тэгээд би Тариат, Далан түрүү, Тахилт зэргээр явж байгаад  нэг цагаан морьтой саарал дээлтэй хүнээс сураг дуулж тэмээгээ олж авсан юм. Энэ мэт авьяастан олон байсан даа.

Сайн шатарчдын тухай дурьдахад Лувсан (далбаан баньтхай), Пандь (дайдаа), Шовгор (умаа), Ганжууржав (хүндээ), Юнрэн (нян-аа),  Пүрэв (баньтхай) зэрэг сайн шатарчид олон байсан. Далбаан баньтхай тэд нарт хааяа хожигдож байхгүй бол хордоод байдаг юм гэж ярьдаг байсан гэсэн. Шовгор умаа гадны хэсэг хүмүүстэй шатар тавьж хожчихоод намайг төрөхөд үзмэрч хүн танайд долоон хотгойдын ухаантай хүн төржээ гэсэн юм гэнэ лээ. Манай нутгийнхан шатарт хожигддоггүй болохоор Шовгор гэж нэр өгсөн юм. Уг нь миний нэр Умаа л даа гэж тэр хүмүүсийнхээ хорыг хусаж байсан гэсэн .

Ёрөөлч, дуучдын тухай дурсахад: Гонтолхо баньтхай, Жадамба (гоё даамаа), Тунгалаг (тунгаа), Гаадан (жаахан гаагаа), Гүнсэнжав (гүүгаа), Жигжсүрэн (жигээ),  Домбожав (гоёо), Цодгоо (эм), Шинтүү (эм), Я.Рэнчин зэрэг найр наадмын газрыг уртын сайхан дуу, уран яруу билэг ерөөлөөрөө олон түмнийг хөгжөөн баясааж байсан алдартангууд олон байсан.

Сайн бөхчүүдийн тухай дурсахад: Самбуу начин, түүний хүүхдүүд Энх, Пүрэв, Аюур, Шаалуу, Давхар, Ц.Цодоо заан, Н.Бямба, Жамганжав (жаажаа) зэрэг сайн бөхчүүд байсан.
Жамганжав жаажаа Элжигэний сүлдний баярт барилдаж түрүүлчихээд буцаж яваад замдаа айлд унтаж байхад гэрийн  хаяагаар хүний гар орж ирээд дээр нь шороо цацсан юм гэсэн түүнээс хойш хөл нь өвдөөд барилдаж чадаагүй суумгай болсон, Сантмаргаз сумын нэг сайн бөх Самбуу начингийн 5 хүүхдүүдийг  барилдаж унагаж үзүүлнэ гэж ирж барилдсан. Тэгээд гурвыг нь давчихаад байсан үед нь аав нь хүү Энхдээ цаадах чинь буруу эрчтэй хүн юмаа, барьж авчихаад зөв эргүүлээд бай тэгтэл нэг учир нь олдоно гэж захисаны дагуу барилдаад амархан давсан гэсэн. Самбуу гуай тэр хүнд хүү минь чи буруу эрчтэй хүн юмаа түүнийгээ бодож барилдаж яваарай гэж захиж байсан хүнлэг сэтгэлтэй хүн байлаа.


Сайн уургач: Дансранжав (Тогдоон дандиа), Дашдорж (бамба),  Дашзэвэг (чагаа), Сүрэндорж (онгорхой), Ламжав (дигаа),  Дэмчигжав (дэдээ), В.Даш, М.Наран, П.Бямбажав, Г.Рэнжиндорж, Н.Дүгэрсүрэн, Онигдой, Д.Төмөр, Д.Шагдаржав, Гомбоо, Ванган, Гаашин нарыг нэрлэж болох юм.


Сайн эрсийн тухайд: Есөн эрүү шүүлт даасан сайн эрийн Данжаахай жажив “нохой” Баярмагнай бааваа, “нохой” Домбон аяа, сайн эрийн Зэгнүү баньтхай зэрэг сартуулын сайн эрчүүд нэрлэгдсэн хүмүүс байсан юм .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats