Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Цуутай Сартуул түмний дуутай Сонгино хайрхан уулаа шүтэж яваа буурал (ярилцлага)
Нэгэн сайхан буурал өвгөний талаар хөрөг таталбар бүтээхээр бийр үзгээ авлаа. Сартуулын хөх өвгөчүүл гэдэг хад хайрцаг шиг чамбай улс даа. Үг яриа, үйл ажил, шүтлэг бишрэл, аливаад ажилсаг нямбай чанар гэдэг бусдаас гойд. Хөргийн эзэн маань Мөнгөний Чогсомжав хэмээх  далан насыг давж ная өөд өгсөж яваа нямбай байрын бууралдуу толгойтой хөгшин байх. Анх би энэ хөгшнийг 2002 оны үед шиг санаж байна, Чингис зочид буудал Зургадугаар Дилов хутагтын дүр Данзанламид хэмээх Америкад төрж өссөн халимаг гаралтай хувилгааныг Монголд ирэхэд нь миний бие шадарлаж байсны хувиар Чогсомжав гуай эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж мөргөөд дурсгалын зургаа татуулаад явж байхдаа миний ээжтэй таарч нутаг нугын улс гэлцэн шуугиж байсныг мартаагүй билээ.
Харин энэ өдөр миний дотнын ах Ч.Нэргүй аавынхаа ажил амьдралын талаар эмхтгэж, улмаар аав М.Чогсомжавынхаа талаар сэтгэлийн сайхан хөрөг нийтлэл бичихийг хүссэнээр болж буй нь энээ.
Завхан аймагтаа л анхны хэдэн кино механикчийн нэг болох М.Чогсомжав /Сонгино/, Б.Батхуяг /Завханмандал/ гээд хуруу дарам тоолж болно. Кино гээчийг бараг мэдэхгүй шахам тэр цагт орон нутагт соёлын үр тарихаар шулуудсан хүний нэг энэ хөргийн маань эзэн билээ. М.Чогсомжав гуай уг нь айлын өргөмөл хүүхэд гэж байгаа. Ах дүү 12-лаа төрөөд 3 нь эндэж 9 нь хүн болж өсөж өндийсөн гэдэг. М.Чогсомжав гуай айлын 10 дахь хүү. Тэрээр дороо нэг эрэгтэй дүүтэй. Түүнийг Д.Лхамсүрэн гэнэ. Монголын төр засагт өндөр алба хашиж явсан сэхээтэн бий. Энэ талаар тусдаа өгүүлэмз.
М.Чогсомжав гуай ярихдаа: - Миний төрсөн эцэг Дамбаравжаа тайж хүн л дээ. Түүний аав миний өвөг эцэг болох Дарамжав гэж бас тайж байж, түүний аав миний өндөр өвөг болох Шар гэж бас тайж байсийм гэнэ лээ. Дамбаравжаа аав маань аян жинд их явсан хүн гэж байгаа. Да хүрээ, хятадын Цонж хүртэл хориод удаа явсангэдэг. Дамбаравжаа аав маань ах дүү есүүлээ улс л даа. Харин Дарамжав өвөө болохоор ах дүү тавуулаа. Ер нь аав ээж маань ч тэр, өвөг дээдэс маань ч тэр цөм л Өвгөн, Мангина уулын ар өвөр, Айраг нуураар нутагладаг улс байжээ.
Манайхан өвөлдөө болохоор урагшаа Завханмандалын говь руу, Түвгэрийн хоолой, Харганат хоолой, Таван лам, Бууралын Ембүү орж өвөлждөгсөн. Маргаз уулын Хүүш нэртэй нэг өвөлжөө бий дээ. Тэнд л өвөг дээдсээрээ суусаар ирсэн гэдгийм даа хэмээн хуучилж байгаа энэ буурай бол өнөөгийн хаягаар бол Завхан аймгийн Сонгино сумын хүн. Сонгино сум бол Завхан аймгийн хэмжээнд олон алдар цуутан бөө удган зайрантан гээд Монголд нэртэй хүмүүс төрсөнөөрөө аймагтаа 3-т ордог нутаг. Сонгино нутагт урд цагт бөө удган их төрсөн гэж байгаа. Тэр ч байтугай Сартуулын бөөгийнхөн гэх овог ч бий. Н.Золжаргалын (Монголын Хөрөнгийн биржийн захирал асан) өвөг дээдэстэй ч ойрхон явсанаа М.Чогсомжав гуай хуучилна. Яагаад гэвэл Золжаргал мөнөөх бөөгийн долоо дахь удмын хүн гэдгийг Сартуул нутгийн хөгшид андахгүй мэднэ. Золжаргалын өвөө бөөгийн Ганжууржавын адуунд нэг алдартай түүхтэй хар халтар морь өөр айлаас очиж нийлчихээд байсан үе л дээ.
Тэр морийг уургалж барихаар аль чадалтай шилдэг уургач, адууч залуус хөөцөлдөөд дийлээгүй байхад одоогийн энэ хөдөлмөрийн баатар Доржсамбуугийн аав Борной минжээ л нэг уургалж үзсэн гэдэг. Дөнгөж нэг хазайлгаад л алдсан гэдэг юм. Ямар учиртай морь байсан юм бэ хэн мэдэх вэ хөөрхий. Тэр морь чинь Завханмандалын Их Бууралын уулсын Хавчиг даваанд анх уургалж алдаад л бариагүй түүхтэй юм гэнэ лээ.
М.Чогсомжав гуайгаас та өөрийн амьдралын туулсан замаас сонирхуулж яриач гэхэд тэрбээр урьд хийж байсан кино гаргалтынхаа үеийн сурталчилгааны хэд хэдэн тэвэр зурмал зураг,  тухайн үеийн шилдэг хүмүүсийг сумын улаан булан кино механикчийн зүгээс гаргаж байсан  товч намтар, тэр үеийн ажил төрлийн талаар өгүүлсэн баримт гээд ховорхон архивыг өмнө маань авчирч тавьсанаа:
- Би ер нь юм сурах азгүй хүн байсан юм гэлээ.
-Яагаад тэр вэ?
- Манай суманд анхны бага сургууль гээч юм нээгээд би яг сурах гэж байтал, тэр үе чинь 1940-өөд он шүү дээ. Сургуульд өвчин гараад миний хоолой өвдөөд, үхдэгийн даваан дээр сургуулиасаа гарчихсан. Морин өртөө гэж байлаа. Би дөрвөн өртөө хийсэн хүн. Хатавчийн өртөө, Галуутын өртөө, Гэрсэнийөртөө гээд байлаа. Би 1949 оны 10-р сарын 5-н хүртэл 35 хоног Хужиртын өртөөг хийж хувийн морин өртөөний албыг улсад хүлээлгэж өгсөн дөө.
Тэгж байтал 1950 он боллоо. Би цэрэгт татагдан Улаанбаатарт Улаан Хуарангийн 9-р морьт хорооны бага даргын суманд ирлээ.
Тэгтэл цэргүүдийн дунд бичиг үсэг мэддэг хүн бараг алга. Би бичиг мэднэ. Тэгээд л тасгийн даргын бичиг хөтөлдөг хүн болсон. Миний өргөсөн аав Мөнгөн бичиг үсэгтэй эрдэм номтой сумынхаа анхны дарга хүн байлаа шүү дээ. Тэр хөгшиний маань ч тусгал байсан байх, би өөрөө бие дааж бичиг сурсан хүн. Хээр гадаа адуу мал хариулж явахдаа уншиж бичиж сурсан юм. Эхлээд хуучин бичиг дараа нь түүн дээрээ тулгуурлаад шинэ үсэг сурах хэцүү байгаагүй л дээ. Би адуунд их дуртай. Цэрэгт 9-р морьт хорооны даргын сургууль суманд хүнд пульмётны наводчик албатай суралцаж байгаад агтны нивалд гарч морьд уургалж, их халууцаж баахан хүйтэн ус уучихсан хэрэг. Тэгтэл хоолой өвдөөд бас л сүйд болж байж нэг юм эмнэлгээс гараад иртэл бага дарга нар төгсөж байдаг, хөөрхий би өвчний актаа бариад жил гаруй болсон хүн халагдаж билээ. 1952 оны хавар цэргээс халагдаад, Завхан аймгийн Сонгино сумандаа мал дээр гарч одоо энэ манай хөгшин Ё.Лхамжавтайгаа ханилан суусанаар 50 гаран жил болж дээ.
Манайх 2 хүүтэй айл. Том хүү Ч.Нэргүй. 1981 онд МУИС-ийн Автомеханик инженерийн ангийг төгссөн. 1981-1982 онд АМЗТҮСтанцид мастер, инженерээр, 1984 оноос “Монгол шуудан транс” ХК-д хэсгийн дарга, Ашиглалтын инженер, улмаар захирлаар ажиллаж байна. Тус компани Монголын авто тээврийн ууган компани бөгөөд машины бүх төрлийн оношлогоо тохируулга, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд Япон улсын “Сузуки” корпорацийн машины  дулаан гараж, үйлчилгээ /гагнуур, дугуй нөхөх, аккумлятор цэнэглэх, будаг/ засвар зэргийг хийдэг.
Дараагийн хүү Ч.Цогтдэлгэр гарын ур дүйгээрээ амьдардаг хүн. Ялангуяа модоор маш сайхан урлана. Хараад дуурайлгаад хийвэл бүр ч уран гэж байгаа. Гэр бүлтэй сайхан амьдарч явна даа.
-Та нэгдэлд хэдий үеээс оров доо. Нэгдэлжих хөдөлгөөн гээд бөөн ажил байсан үе биздээ?
- Хэлээд яахав. 1958 оны өвөл манай том хүү Нэргүй гараад хотод байж байгаад Завхандаа буцаад очтол бүх улс, айл “Энх тайван”нэгдэлд орчихжээ. Манайх л үлдчихсэн байна. Танайх  яагаад үлдэв, ямар санаа байна энэ тэр гэсэн байх л даа. Яахав, хотод байж байгаад амжсангүй гээд л хэдэн малаа нэгдэлдээтушаачихаад нэгдлийн гишүүн боллоо. Тэгээд Тарвага агнах бригадад хуваарилагдлаа. Тарвага ална гэсэн үг. Гэрээ байгуулж, буу хэдэн хайрцаг сумаа аваад гараад явж байтал буцаагаад намын үүрийн дарга дууджээ. Сумын Улаан булангийн эрхлэгч бол гэнэ. Тэр үед Улаан булан ч гэж дээ, үүд хойморийн зайтай нэг муу байшинд баахан түвд ном хураачихсан умгар өрөө байх. Тэгэхэд Гончиг ах маань цэргээс ирэхдээ мандолин хөгжим үүрчихсэн ирж бид цөм л “оролдож” үзсэн дээ. Тэр ах маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хилийн цэрэгт даргынхаа морь бариач байсан гэсэн. Их ч сэргэлэн, юм юмтай хүн байлаа. Нэг мэдэхэд сумынхаа Хувьсгалт Залуудын Эвлэлийн үүрийн дарга, Сумын захиргааны дарга хийж байгаад машины осолоор өнгөрсөн юм л даа. Би тэгээд Улаан булангийн эрхлэгч болоод ч удалгүй сумынхаа орлогч дарга бөгөөд тоо бүртгэгчийнхээ ажлыг хамт хийж байтал Завхан аймгийн төвд кино механикийн курст явах юм боллоо. Тэгсэн аймагт миний талаар тааруу мэдээ очсон байж л дээ. Учир нь өвс хадлангийн мэдээ буурсан гэх яриагаар Эрдэнэхайрхан сумын Дорж бид хоёр донгодуулж би намын орлогч гишүүнээсээ хасуулж, Дорж орлогч болж буугаад, би ч дахиад намд элсэж болох л байсан, гэвч явсаар байгаад сүүлдээ Ардчилал залгаад тэгээд дуусав шив дээ. Би тэгж анх кино маханикч болсон хүн. Энэ ажлаараа 30 жил боллоо. Кино бол гайхамшигт үнэн урлаг шүү дээ. Би ч үүндээ зүрх сэтгэлээ өгч ажилласан даа. Өнгөрсөн, одоо, ирээдүйтэй нь үзүүлнэ. Эхлээд нөгөө хүнд том мотор түлш, хальс аппарат зэргээ хоёр тэмээнд ачаад л явдагсан.
Дараа нь ч арай дээрдэж хоёр морин тэрэгтэй явдаг болсон. Миний өндөр буурал морь байх. Ямар ч морьдын дотроос том биетэй харагдаж байдагсан. Түүнийгээ зуруулаад хадгалчихсан байгаа. Нутгийн хүмүүс тэр зургийг харчихаад “таны буурал морь байна шүү дээ, хэн зураа вэ“ гэх юм билээ. Хоёр морьтой байхад ч амар байсан даа. Морин тэргэн дээрээ нөгөө хүнд 200 гаруй жинтэй мотороо суурилуулчихаад буулгахгүй тэгшилж тавьж байгаад л асаачихна. Нэг гонзгой том цэнхэр асартай болсон. Эхнэр маань оёсон юм шүү дээ. Түүнийгээ барьж байгаад киногоо гаргана.
Зарлалын самбар бол бүр гоё. Зөвхөн он сар өдөр киноны нэр нь л солигдоно, бас санал авах хайрцагтай. Сүүлдээ би “Шосси” хэмээх хамар дээрээ тэвштэй трактортай 18 жил явлаа. Хамрын тэвшин дээр нь хэдэн сүүн заводын цөцгийг аччихна. Араас нь чиргүүл зүүнэ, түүндээ өвс ачна, цөцгий зөөнө гээд киноныхоо хажуугаар зүгээр суухгүй шүү дээ.
За тэгээд миний кино аппарат хэрэгсэл бол шинээрээ шахам байж байгаа, хийсэн ажлын минь дүн тооцоо судалгаа зураг хөрөгтэй бүгдийг нь кино үйлдвэр, музей зэрэг газар л авах шив дээ. 
М.Чогсомжав гуайн бичсэн
 ажил мэргэжлийн тухай шүлэг.
2005 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats