Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Кино урлагаас салшгүй миний амьдрал
Кино урлаг бол цаг хугацаа, орон зай, хүмүүний амьдралыг дэлгэцнээ нэгэн зэрэг дэлгэн үзүүлж чаддаг урлагийн цорын ганц төрөл болно.

МӨНГӨНИЙ ЧОГСОМЖАВ

1. Миний бага нас

Би Завхан аймгийн Сонгино сумын нэгдүгээр багийн Тайж угсааны малчин Дамбаравжаагийн 10-р хүү болон 1930 онд төрөөд хэдхэн сартай байхдаа мөн сумын 6-р багийн Н.Мөнгөнийд үрчлэгдсэн юм.

Тэгээд би очсон хойноо үргэлж уйлаад, ээж минь аргаа барж, авгайн сэргэр гоёл үсээ толгойдоо зүүхэд түүнийг нь хараад дуугуй болсноос хойш дахиж уйлаагүй гэсэн. (Урлагийнхан хааяа толгойдоо мөнгөн хавчиг чимэгтэй хоёр том дугуй гоёл зүүж бүжиглэж дуулж байдаг. Үүнийг авгай үс гэдэг) Тэр үед ээж минь хөх нь сүүгүй тул шөний цагт намайг хооллож ундлах, хуурайлж цэвэрлэхийн тулд өөхөн дэн, зулын бүдэг гэрэлд яаж зовж байсан бол гэж одоо бодоход үнэхээр зүрх шимширдэг юм. Мөн бас хөхөө өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрсан, хөр их цаснаар нүүж явахдаа ч хүний ээж хүүгээ уйлахад эх хүн тэмээгээ хэвтүүлэн даруулгатай хүүгээ авч, энгэр замаа задлан, хөх хэнхдэгээ гаргаж хүүгээ хөхүүлж хооллож бөөцийлөн ядарч, даарч, зовж биднийг өсгөсөн шүү дээ, ээжүүд минь. Хүмүүс минь ачит ээжийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж, сэтгэлдээ бодож залбирч яваарай.
    Дамбадаржаа аав минь ч гэсэн их ажилсаг сайн малчин, нутгийнхандаа Боомбоо тойн гэж хүндлэгдсэн, бусдын төлөө манаа тавьдаг зөв бурууг нь харамгүй хэлж зааж сургадаг хүн байсан юм. Бас сайн аянчин (жинчин) хүн. Залуудаа Да Хүрээ, Цонж зэрэг холын аянд тэмээгээр жилд хорин удаа жин бараа тээж нутгийн ард түмнийгээ бараа хүнсээр хангахад хувь нэмрээ оруулж явсан ажээ. Да хүрээ, Цонж нь талдаа нэг сар явдаг байсан гэнэлээ. Тэгвэл аав маань 40 сар буюу 3 жил 4 сар тэмээ хөтөлжээ. Нэг удаа 12 тэмээтэй жинд явсан, 1 тэмээ дунджаар 200 кг ачаа ачсан гэж үзвэл өдөрт их үд, хоног гээд хоёр хоёр нүүж, хоёр буусан гэж тооцвол 1 өдөрт 24 тэмээг хомнож, хомыг нь авч, 4 удаад нийт 9600 кг ачааг ачиж өргөж буулган сард 480 тэмээг хомнож, хомыг нь авч, 192000 кг ачааг өргөн ачиж буулгажээ. 40 сад 192000 тэмээг хомнож, хомыг нь авч 7,7 сая кг ачааг өргөн ачиж буулгах зэрэг хөдөлмөр хийжээ. Монголын тэмээн аяныхан ийм л их нүсэр албыг залгуулж явжээ.
    Намайг өсгөж гарыг ганзганд хөлийг дөрөөн хүргэсэн үрчилсэн аавыг Намжилсүрэн (бошгын хүү) Мөнгөн, ээж Лувсандоржийн Булга гэдэг. Миний аав ээж хоёрыг онцгой нямбай цэвэрч, ажилсаг, олон түмэнд үлгэр жишээ болсон хүмүүс байсан юм. Би аав, ээж хоёрынхоо энэ сайхан зан чанар, ажилсаг тусархууг одоо ч сэтгэлдээ хадгалан бодож, дуурайн эзэмшихийг хичээж явдаг билээ. Аав Мөнгөн бичиг эрдэмтэй, ардын хувьсгалыг байгуулж, хөгжүүлэхэд биеэр оролцож зүтгэж явсан. Хамтралын анхны даргаар ажиллаж байсан, хувьсгалын эсэргүү бослого гарч, төр захиргаа, хоршоо хамтралыг дээрэмдэн тонож, галдан шатааж, улмаар хувьсгалын төлөө тэмцэж явсан Ө.Магаа, Ө.Жамъянжав, Н.Мөнгөн (аав), Б.Баатар нарыг баривчлах гэхэд тэд нар оргож зугатжээ. Аав минь тайван хүн байсан юм. Шамдаж яаралгүй байж байгаад нөхдөөсөө хоцорчихсон юм гэнэ лээ. Тэгээд өдөрт нь хүн ирж харагдвал нуугдах, шөнөд нэг төмөр гадас хамгаалах хэрэгсэл болгон аваад хээр хонодог байсан гэж ээж хуучилдагсан. Байдал төвширснөөс хойш аав намын дарга, анхны хоршоо худалдааны салбарт ажиллаж яваад 1944 онд өвчний учир 52 насандаа “бурхан” болсон юм. Аав тун сонин хүн байсан юм. Өглөө бүр хүзүү, толгой цээжээ угаана, гараа угаалгүй хоол ундаа иддэггүй, нэг л аяганд хоол ундаа хүртэнэ. Хувцсандаа наалдсан үс ноос, шороо тоосыг байнга арчиж цэвэрлэж байдаг, гэрт орохдоо гутлаа заавал тогшин цохиж цэвэрлэнэ. Ийм л хүн байлаа.
    Манайх таван төрлийн олон сайхан малтай, ээж минь малаа сааж цагаан идээ их бэлтгэж авдаг, гүү барьж айраг эсгэн, тогоо нэрэх мэт их ажилсаг, цагаан идээ хоол хүнс дэлгэрсэн айл байсан юм. Ээж зөөхийгөө гүзээнд чихээд гэрийн баруун талдаа чулуунууд дээр ярайлгаад тахилын цөгц шиг л өрчихдөг байлаа. Ээж минь 1945 онд хорвоогоос хальсан даа. Аав, ээж хоёр минь хоёулаа цагаан соруултай гаансаар тамхи татдаг. Бас архийг хааяа хүртдэг хүмүүс байлаа. Харин би энэ хоёр гайхлыг хэрэглэлгүй 80 нас өөд өгсөж явна. Үүний буруу дутуу гэж нэхэж дутагдсан юм үгүй л байна шүү! Аавыгаа бурхан болсноос хойш 14 настайгаас эхэлж өрх гэрээ Мөнгөний Чогсомжав нэрээр толгойлон 60 гаруй жил амьдарч аав ээжийнхээ галыг бадрааж яваа билээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats