Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
   
Туслах цэс
 
Хувий өртөөний алба залгуулж явсан минь
1952 онд Ё.Лхамжавтай гэр бүл болоод 50 гаруй жил амьдарч байна. Хоёр хүүтэй. Би төрүүлсэн, үрчилсэн, хадам гээд гурван аав, ээжтэй хүн. Аав ээжүүд бүгд таван төрлийн олон зуун малтай, малаа өсгөж үржүүлэхэд дадлагажсан, бусдын сайн сайхны төлөө сэтгэл санаагаа зориулсан, ажилсаг шударга, онцгой сайхан хүмүүс байсан нь үр ач бидэндээ үлгэр дуурайлал болдог билээ.
Би аав ээжийнхээ уламжлалаар малаа өсгөж олшруулан идээ цагаа авч, гүү барьж айраг исгэж, манай хөгшин идээ цагаагаа борлуулан, тогоо (архи) нэрсэн, ороог нь уургалж, жороог нь унаж, хурдныг нь уян сойж, хурдлуулж сайн сайхан амьдарч байлаа. Багаасаа өрх толгойлон малынхаа олон төрлийн албан журмын ноогдол үүрэг, мах, сүү, ноос, ноолуур, хөөвөр хялгас, албан татвар, өөхөн тос, өртөөний алба зэргийг даан хариуцаж ирсэн. Хувийн морин өртөөний албыг 5 удаа хүлээн авахад 1945 онд хүнээр, 1946 онд бусдад ацаглаж хөлс үнийг өгч (аймгийн баруун чиглэл Алдархаан сумын зүг) хийлгэсэн. 1947 онд сумын зарлагыг 1948 онд аймгийн зүүн хойт чиглэл Хацавчийн өртөөг, 1949 оны 10-р сарын 5 хүртэл 35 хоног Хужиртын өртөөг биеэр тус тус хийж улсад хүлээлгэж өгсөн юм. Энэ нь хойшоо Галуутайн, урагшаа Хэрсэнгийн өртөөнд алба шуудангаа хүргэдэг байлаа.
    Хацавчийн өртөөг Чөдөр өртөө гэдэг, гурван тийшээ алба шуудангаа хүргэнэ. Аймгийн төв явахад хоёр хэцүү том хясаа нь ганцхан морь явах чулуун замтай, замын хажуу руу харахад Чигэстэйн гол хөл доогуур урсаж байгаа мэт аймар байдагсан. Замаас хальтрах юм бол хэдэн метрийн доогуур урсаж байгаа голд унахаас өөр ямар ч боломж байхгүй. Ийм л нөхцөлд айж эмээж өнгөрдөг байлаа. Зүүн тийш Эрээний өртөөнд хүргэнэ. Энэ нь замдаа Загастайн их давааг давж хүрнэ. Хясаа бүрийг Загастайн голыг 12 удаа гатлаж байж алба шуудангаа хүргэнэ. Баруун хойшоо Хэрсэнгийн өртөө гэх гурван цэгт зорчигч шуудангаа хүргэдэг байлаа. Холын өртөө хийхэд агт морьдоо, хүнснийхээ хонь, ямааг туугаад өөрсдөө болон албан зорчигчоо хүлээж байрлуулах гэрүүдээ ачаад (зочид буудал юм даа) нүсэр их төхөөрөмжтэй очно. Зорчигчийн хоолонд хонь гаргана. Одоо шиг гурил будаа, ногоо цагаа байсан биш дээ. Ачаа тээштэй зорчигч ирвэл ачааг нь моринд ачиж хүргээд, морьдоо хөтлөөд буцна. Үүнийг улаа нэхэх гэнэ. Энэ албыг нэг сарын хугацаатай хийнэ. Манай сум аймгаасаа Галуутай, Хужирт, Хэрсэн, Хацавч, Аймгийн төв гэсэн таван өртөө хол оршдог. Зорчигч нэг хүн цагаан зартайгаас 1 төг 50 мөнгө, цоохор зартайгаас 1 төгрөгийн зардал авна. Шуудан бичиг хэвлэлийг үнэгүй, нэг бичиг ирсэн ч заавал хүргэнэ. Бага зэргийн мөнгө, лацтай бирзентэн богцтой явна. Мөн зарим бичиг лацтай байна. Үүнийг гарын үсэг зурж хүлээлцдэг байлаа. Зорчигч эмээлгүй бол эмээлтэй мориор, ачаа ихтэй бол моринд ачиж хөтлөөд хүргэнэ. Улаа нэхэж яваад замын дунд орчим хоёр талаасаа зорчигч, эмээл, ачаа тохирсон байдлаар тааралдвал зорчигч шуудангаа солилцоод буцах явдал хааяа таарна. Үүнийг элч солилцох гэнэ. Хувийн өртөөний алба гэж ийм л үүрэгтэй ажил хийж явлаа, багадаа.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats